Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Шинэ үеийн оддыг төрүүлж, домгуудаа үдсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс онцлох нь

Шинэ үеийн оддыг төрүүлж, домгуудаа үдсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс онцлох нь

  • 2026/07/21

2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн онцлог дүүрэн болж өндөрлөлөө. Анх удаа гурван улс зохион байгуулж, анх удаа 48 улсын шигшээ баг оролцсон энэ ДАШТ 39 өдрийн турш дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөл бөмбөг сонирхогч олонд догдлол, баяр хөөр, гуниг гээд олон мэдрэмж төрүүлсэн нь гарцаагүй. 

Талбай дээр рекорд шинэчлэгдэж, домгуудын замнал өндөрлөж, шинэ үеийн одод тодрон гарч ирсэн онцлох мөчүүдтэй ДАШТ-ийг эргэн санацгаая. 

"АНХНЫ" ГЭХ ТОДОТГОЛТОЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Дээр дурдсанчлан 2026 оны ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулав. Мөн өмнөх 32 багийн форматаас татгалзаж, 48 улсын шигшээ баг өрсөлдсөн анхны тэмцээн болсон. Ингэснээр нийт тоглолтын тоо 64 байдгаас 104 болж өссөн нь тэмцээний түүхэн дэх хамгийн том өөрчлөлт байлаа.

Мөн анх удаа аварга болсон багт "Аваргын бөгж" гардуулахаар болсон нь Америкийн спортын бэлгэдлийг хөл бөмбөгтэй хослуулсан явдал болов. Нийт 2026 ширхэг аваргын бөгж үйлдвэрлэхээс 30-ыг нь аварга болсон багийн бүрэлдэхүүнд гардуулж, үлдсэн 1996 бөгжийг хөгжөөн дэмжигчдэд зориулан худалдаанд гаргана гэж FIFA-аас мэдээлсэн. 

АРЛЫН ЖИЖИГ УЛС ДАШТ-ИЙ ТҮҮХЭНД НЭРЭЭ МӨНХӨЛСӨН НЬ

Магад энэ ДАШТ-ий өмнө Кабо Верде хэмээх улсын нэрийг сонсож ч байгаагүй хөл бөмбөгийн фанатууд одоо энэ улсыг мартахгүй болсон нь дамжиггүй биз. 500 мянган хүн амтай тус улс анх удаа ДАШТ-д оролцсон бөгөөд эхний тоглолтдоо энэ удаагийн аварга болсон Испанитай учраа таарсан. 

Ингэхдээ тэд хуурай тэнцсэн нь энэ тэмцээний хамгийн эхний дуулиан болсон юм. Тэд нэг ч хожигдол авалгүй хасагдах шатанд шалгарахдаа 2022 оны аварга Месси тэргүүтэй Аргентины эсрэг тулсан бөгөөд нэмэлт цаг хүртэл торгоогоод амжсан. 

Финалын тоглолтын үеэр анх удаа завсарлагааны шоу зохион байгуулж, Жастин Бибер, Мадонна, Шакира, BTS зэрэг уран бүтээлч тайзнаа гарч хөл бөмбөгийг дуу хөгжимтэй хослуулсан нь энэ ДАШТ-ий нэг чимэг боллоо. 

Зохион байгуулагч улсуудын халуун, чийглэг уур амьсгалыг харгалзан энэ ДАШТ-ий тоглолт бүрт усны завсарлага авах дүрэмтэй болсон. Үе тус бүрийн дундуур гурван минутын турш түр завсарлаж байсан нь дасгалжуулагч нарын хувьд тактикаа ярилцах завшаан, шууд дамжуулалтад сурталчилгааны орон зайг бий болгосон юм. 

Кабо Вердегийн энэ амжилтад шигшээ багийн хаалгач, 40 настай Возиньягийн нөлөө асар их байсныг онцлох нь зүйтэй. Испани, Аргентин гэсэн томоохон багуудын довтолгоог ур чадвараа ашиглан маш сайн хааж байсан юм. 

БНСУ-ЫН ХАСАГДАЛТ, СОЛОНГОСЧУУДЫН УУР БУХИМДАЛ

Өмнөд Солонгосын шигшээ баг энэ ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн. Энэ нь солонгосчуудад тийм ч таатай хүлээж авах мэдээ биш байсан бөгөөд тэдний уур бухимдал дээд цэгтээ хүрсэн.

Тэд энэ удаагийн шигшээгээ сүүлийн жилүүдийн хамгийн хүчтэй бүрэлдэхүүн гэж харж байсан бөгөөд дасгалжуулагч ажлаа муу хийсэн гэж дүгнэсэн юм. 

Тэр тусмаа шийдвэрлэх тоглолтод багийн ахлагч Сон Хён Миныг сэлгээнд суулгасан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Зарим иргэд дасгалжуулагчийг үх, ажлаа өг гэж хүртэл шүүмжилж байсан. Үүний дараа шигшээ багийн дасгалжуулагч Хон Мён Бу албан тушаалаасаа огцорсноо мэдэгдсэн юм. 

МЕССИ НЭГТ...МБАППЕ НЭГТ

Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын тэргүүн байр хоёр ч удаа шинэчлэгдлээ. 2026 оны ДАШТ эхлэхийн өмнө энэ жагсаалтын тэргүүнд Германы тамирчин Мирослав Клозе 16 гоолтойгоор бичигдэж байсан. 

Тэгвэл Лионель Месси Алжирын эсрэг хийсэн тоглолтдоо гурван гоол оруулснаар түүнтэй тэнцэж ирээд байсан юм. Харин Австрийн эсрэг хийсэн тоглолтдоо хоёр гоол оруулснаар 18 гоолтойгоор ганцаараа тэргүүнд бичигдэх болсон. Дараачийн тоглолтууддаа мөн гоолын тоогоо нэмснээр энэ ДАШТ-д найм, нийт оролцсон ДАШТ-дээ 21 гоолыг нэр дээрээ бүртгүүлсэн юм.

Нөгөө талд Францын Килиан Мбаппе мөн гоолын тоогоо нэмсээр хамгийн сүүлд буюу хүрэл медалийн төлөөх Английн эсрэг хийсэн тоглолтдоо хоёр гоол оруулснаар нийт 22 гоолтойгоор бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын тэргүүнд нэрээ бичүүлэв. 

Мөн тэрбээр энэ ДАШТ-д нийт 10 гоол оруулснаар Алтан шаахай шагналын эзэн болсон билээ. 

ДОМГУУДЫН СҮҮЛЧИЙН БҮЖИГ

Энэ удаагийн тэмцээнд хөл бөмбөг сонирхогч олон Криштиану Роналду, Лука Модрич, Неймар Жуниор, Мануэль Нойер тэргүүтэй домгуудыг ДАШТ-ий талбайд шигшээ багийнх нь өмсгөлтэйгөөр сүүлчийн удаа харлаа. 

Роналдугийн хувьд зургаан удаа ДАШТ-д оролцсон ч дэлхийн аваргын цомыг атгаж үзэлгүйгээр ДАШТ-ий карьераа өндөрлүүлж байна. Тэрбээр энэ удаагийнх түүний сүүлчийн ДАШТ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Түүний хувьд өдгөө 41 настай бөгөөд энэ ДАШТ-ий хоёр дахь ахмад тамирчин болсон. Мөн зургаан ДАШТ-д оролцохдоо анх удаа хасагдах шатанд гоол оруулав. 
Роналду болон Лука Модрич гэсэн тун сонирхолтой учраа энэ ДАШТ-д гарсан. Лука Модричийн хувьд сүүлчийн ДАШТ гэдгээ албан ёсоор зарлаагүй ч өмнө нь өгсөн ярилцлагадаа "Карьерынхаа хүрэх ёстой оргилд хүрсэн" хэмээн ярьсан юм. 
Бүх цаг үеийн шилдэг хаалгачдын нэгт зүй ёсоор багтдаг Мануэль Нойер мөн 40 насандаа сүүлчийн ДАШТ-дээ оролцож, хасагдах шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн. 
Неймарын хувьд өдгөө 34 настай ч энэ ДАШТ-д бэртлийн улмаас төдийлөн сайн тоглож чадаагүй. Хасагдах шатанд Норвегид хожигдсоныхоо дараа шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм. 

 

АНГЛИ, АРГЕНТИНЫ ТОГЛОЛТ, АРЛЫН ТӨЛӨӨХ ДАЙН

Хагас шигшээд Англи болон Аргентины шигшээ багууд таарч тоглосон бөгөөд Аргентин 2:1 гэсэн тооны харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан. 1982 онд болсон Фолклендийн дайны улмаас ДАШТ дэх энэ хоёр улсын учраа бүр дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. 

Энэ удаагийн тоглолт ч мөн ширүүхэн уур амьсгалтайгаар өрнөсөн юм. Аргентинчууд баяраа тэмдэглэх үеэр цэнгэлдэхийн талбайд "Las Malvinas son Argentinas" буюу "Мальвины арлууд Аргентиных" гэсэн бичигтэй туг хүртэл өргөсөн юм. 

ХААЛАНД, ХААЛАНД 🎶

195 см өндөр, хөгжилтэй, хошин мэдрэмжтэй, энгийн зангаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Эрлинг Хааланд энэ удаагийн ДАШТ-ий үзэгчдийн хамгийн хайртай тоглогчдын нэг болсон. 

Тэрбээр цахим сүлжээнд тун идэвхтэй. Snapchat-ын өдөр тутмын бичлэгүүд, ялалтын дараах шууд инстаграм нийтлэлүүд, чихмэл элбэнхээ онгоцонд авч явсан зэрэг нь түүнийг цахим сүлжээнд алдаршуулжээ.

25 настай Хааланд анхны ДАШТ-дээ оролцож буй бөгөөд нийт 7 гоол оруулсан. Түүнтэй Норвегийн шигшээ баг анх удаа шөвгийн 8 хүртэл явсан юм. 

АРВАН ГООЛТОЙ ТОГЛОЛТОД АНГЛИ ИЛҮҮРХЭЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хагас шигшээд Аргентинд хожигдсон англичууд хүрэл медалийн төлөө 2018 оны аварга Францын шигшээ багийн эсрэг тоглосон. Тус тоглолтод хоёр талаас нийт 10 гоол оруулсан бөгөөд энэ ДАШТ-ий хамгийн их гоолтой тоглолт болов. 

Тоглолтын турш хоёр баг ээлжлэн довтолж, хөгжөөн дэмжигчдэд жинхэнэ гоолын баяр бэлэглэсэн гэхэд буруудахгүй. Эцсийн үр дүнд 6:4-өөр Английн шигшээ хожил авч, ДАШТ-ээс 60 жилийн дараа хоёр дахь медалиа хүртсэн юм. 

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА "ЯЛАГДАШГҮЙ АРМАДА" ИСПАНИ

Гурван улс, 39 өдөр, 48 баг, 104 тоглолтын ард испаничууд хоёр дахиа дэлхийн аварга болохыг дэлхий нийт хамтдаа гэрчилээ. Хэсгийн шатнаас эхлэн нэг ч хожигдол амсаагүй тэд тэмцээний туршид өөрсдийн хаалганд ердөө нэг гоол алдсан юм. 

Испанийн шигшээ баг амжилтынхаа түүхийг дахин давтлаа. Тэд 2008 онд Европын аварга болж, хоёр жилийн дараа буюу 2010 онд дэлхийн аваргын цомыг өргөж байсан. Харин энэ удаа 2024 оны Европын аваргын түрүүгээ 2026 оны ДАШТ-ий аваргаар үргэлжлүүлж, хоёр жилийн дотор тив, дэлхийн хос цомыг дахин хүртэж байна.
Испанийн энэ амжилтуудад нэрээ мөнхөлж чадсан гол тоглогчдын нэг бол яалт ч үгүй залуу тоглогч Ламинь Ямал байлаа. Түүний хувьд өндөр ур чадвараа 2024 оны Европын аваргаас эхлэн дэлхий нийтэд таниулж яваа. 

2007 онд буюу Лионель Месси 19 насандаа хандивын үйл ажиллагааны зураг авалтын үеэр тухайн үед зургаан сартай байсан Ламинь Ямалыг усанд оруулж буй гэрэл зураг финалын тоглолтын өмнө цахим орчинд олны анхаарлыг татсан юм.

Ийнхүү дэлхий нийтийг 39 өдрийн турш нэгтгэсэн хөл бөмбөгийн хамгийн том баяр өндөрлөлөө. Баярласан, харамссан, догдолсон мөч бүр 2026 оны ДАШТ-ийг мартагдашгүй болгож, шинэ түүхүүдийг бүтээлээ.

Дэлхийн аваргын цомын төлөөх дараагийн тулааныг үзэхийн тулд бид дахин дөрвөн жил хүлээх үлдлээ.

                                                                                                                                                              Эх сурвалж: gogo.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
"Ялагдашгүй Армада" ...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :