Крис Пол: Кобитой хамт тоглох боломж олгоогүйг үзэн яддаг
- 2024/12/18
Одоогоос 13 жилийн өмнө NBA түүхэндээ анх удаагаа баг хоорондын солилцоонд хориг тавьж байв. Тухайн үеийн лигийн комиссар асан Дэвид Стер Хорнетсын супер од Крис Полыг Лос Анжелес Лэйкерс руу явуулахыг хориглосон түүхтэй. Учир нь Хорнетс баг NBA-ийн хамаарал бүхий баг байсан учир Крис Полын шилжилт багийг нь сулруулж, лигийг тэнцвэргүй болгоно гэж үзсэн хэрэг.
Гэвч зургаан өдрийн дараа Крис Полыг Лос Анжелес Клипперс баг руу Эрик Гордон, Крис Каман, Аль-Фарук Амину болон драфтын эрхээр сольж байсан түүхтэй. Лиг зүгээр л Лэйкерст супер баг бүрдүүлэхийг хүсээгүй гэж ойлгож болно.
Крис Пол дээрх үйл явдлын дараа хожим дурсахдаа "Коби бид хоёр ижил замаар холбогдсон хүмүүс. Түүний авьяасыг юутай ч зүйрлэшгүй. Бид хоёр бие биенийхээ эсрэг тоглох бүртээ хором мөч бүрт тэмцэлддэг байсан. Учир нь бидний энерги нэг түвшнийх байсан юм. Бид хоёр нэг багт байсан бол үнэндээ яаж тоглох байсныг хэлж мэдэхгүй байна. Улирлын өмнөх тоглолт, улирлын тоглолт, бүх оддын тоглолт гээд л зүгээр бодоод үз. Бүх оддын тоглолт бүрээр Коби бид хоёр хамтдаа тоглохдоо хожигдож байсан гэж би бодохгүй байна. Кобитой хамт тоглох боломж олгоогүйг үзэн яддаг. Ялангуяа миний замналын яг тэр чухал үед" гэжээ.
Хэрэв Крис Полын солилцоо амжилттай бүтсэн бол Хьюстон Рокетс Пау Газолыг авч, Хорнетс руу Ламар Одом, Луи Скола, Кевин Мартин, Горан Драгич, 2012 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх зэрэг очих байжээ.
Нэг улирлын дараа Дуайт Ховард ч чөлөөт агент болж, Лэйкерстэй нэгддэгээрээ нэгдэж, их гурвал үүсэх байв.
Харамсалтай нь, Дэвид Стерн ганцхан хориг бүхий л нөхцөл байдлыг өөрчилж, түүхийг өөрөөр бичсэн билээ.
45 минут Лэйкерсийн тоглогч болж үзсэн Крис Пол 2020 онд "Knuckleheads" подкастын үеэр "Би ах болон агенттайгаа утсаар ярьж байлаа. Бид Нью-Орлеансаас Лос Анжелес нисэх онгоцны талаар ярьж байсан юм. Гэтэл агент маань гэв гэнэт хүлээж байгаарай гэснээ гацчихсан. Бид гайхсан л даа. Би Кобитой ярьчихсан байсан. Бид юу хийх, яаж тоглохоо аль хэдийнэ ярьчихсан байсан. Их зүйлийн талаар ярилцсан" гэв.
Энэ үйл явдлаас хойш Коби ч дахин аварга авч чадаагүй бол Крис Пол нэг ч аваргын бөгжгүй явна.
Эх сурвалж: news.mn