
Монголын сагсан бөмбөг дэлхийд 102-рт , Азидаа 22-рт бичигдэж эхлэв
- 2025/03/04
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны зүгээс өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр шигшээ багуудын дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн чансаанд нийт 160 улс бүртгэлтэй байгаагаас Монголын шигшээ баг долоон байр ахиж, 86.2 оноотой 102 дугаар байрт бичигдэж эхэлжээ. Харин Азидаа 22 дугаарт жагсч байна.
Шинэчилсэн чансаагаар хамгийн олон байр ахисан шигшээ баг нь Монгол. Өөр ямар ч улсын шигшээ баг долоон байр ахиж чадсангүй.
Монголын шигшээ баг сүүлд Гуамыг талбайд нь хожиж, Японтой Улаанбаатар хотноо эн тэнцүү тоглосон билээ. Гуам шинэчилсэн чансаагаар найман байр ухарч, 91 дүгээрт бичигдэж эхэлсэн бол Япон шигшээ багийн байрлалд өөрчлөлт орсонгүй, дэлхийд 21 дүгээрт, Азидаа хоёрдугаарт бичигдэж байна.

Дэлхийн чансааг АНУ-ын шигшээ баг 840.1 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Серби, Герман, Франц, Испани, Канад, Австрали тэргүүтэй улсууд удаалж байгаа аж. Тэгвэл Азийн чансааг Австрали тэргүүлж, Япон, Шинэ Зеланд, Иран, Ливан, Хятад, Филиппин, Йордан, Өмнөд Солонгос зэрэг улсууд араас нь бичигджээ.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн чансааг сүүлд өнгөрсөн сарын 9-ний өдөр шинэчилжээ. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 70 оноотой дэлхийн чансаанд 90 дүгээрт, Азидаа 17 дугаарт бичигдэж байна. Таагүй үзүүлэлт нь гурван байр ухарчээ. Үүнийг эмэгтэйчүүдийн шигшээ багийн тэмцээн уралдаан хомс байгаатай холбож болно. Хэрэв олон улсын тоглолтын тоо олширвол энэ чансаа өсөх нь ойлгомжтой.
Эх сурвалж: news.mnЭмэгтэйчүүдийн чансааг АНУ тэргүүлж, Австрали, Франц, Хятад, Испани тэргүүтэй улсууд удаалж байна.