
Сэлэнгэ Бодонс Казинсыг ашиглаж чадсангүй, хоосон нутаг буцаалаа
- 2025/04/07
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын плей-оффын хагас шигшээ шатны хамгийн сонирхолтой цувралын ялагч тодорлоо. Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд болон ДеМаркус Казинсыг нэгтгэсэн Сэлэнгэ Бодонс багуудын цувралын долоо дахь тоглолт өнөөдөр/2025.04.06/ болов.
Хүлэгүүд цувралыг 3-1 гэсэн харьцаатай тэргүүлж байсан ч Бодонс хоёр тоглолт дараалан хожиж, цувралыг тэнцүүлсэн билээ.
Хожсон баг нь финалд шалгарах чухал тоглолт эхний үеэсээ л эн тэнцүү оноо авалттай, ширүүн өрсөлдөөнтэй байсан. Хүлэгүүдийн хувьд ялимгүй илүүрхэж, онооны тэргүүлэлтэй байсан бол Бодонс оноо дутуу, араас нь нэхэж байв. Бодонсоос энэхүү тоглолтод Ахмад Гилберт тун сайн тоглож, багаа оноогоор илүү гарахад тус хүргэв. Харин Хүлэгүүдээс багаараа жигд тоглож, сэлгээний нөөц бололцоо бүрэн ашигласан гэхэд хилсдэхгүй. Эгзэгтэй мөчид Иан Миллерийн дараалсан алсын зайн шидэлтүүд өрсөлдөгчийнхөө хэмнэлийг дарлаа. Нөгөө талаас нь Н.Батбаяр хариуг нь барьж, багаа тоглолтод "амьд" үлдээжээ.
Энэхүү тоглолтын эхний үеэс ДеМаркус Казинс сул, тааруу тоглосон. Довтолгоо, хамгаалалт дээр өмнөх тоглолтууд шигээ байсангүй. Гэхдээ дөрөвдүгээр үед будагтай талбай руу дайрсан тоглолтуудаа үзүүлж, давуу талыг үүсгэжээ. Хоёр багийн онооны зөрүү ойрхон, Бодонс довтлох үед тэд Казинсаа ашигласангүй. Улмаар Хүлэгүүдийн хамгаалалт сайн ажиллаж, Бодонсын довтолгоог зогсоолоо. Тоглолтын сүүлийн минутад Казинс бус илүү шидэлттэй, тоглолттой байсан Ахмад Гилберт талбайд байсан ч үр дүнг өөрчилсөнгүй.
Тоглолтын дараа Ахмад Гилберт нулимс дуслуулж, Хүлэгүүд аваргаа хамгаалахаар дахин финалд шалгарав. Харин Казинс ганзага хоосон нутаг буцахаар болж байна.
ЭХ СУРВАЛЖ: News.mn