
Оросын "Агуу 8" АНУ-ын хоккейн лигийн рекордыг эвдэв
- 2025/04/08
NHL буюу АНУ-ын хоккейн лигийн Вашингтон Капиталс багийн довтлогч Александр Овечкин тус лигт 895 дахь гоолоо оруулж, Уэйн Гретцкигийн дээд амжилтыг эвдлээ. Вашингтон Капиталс баг орон нутгийн цагаар өчигдөр/2025.04.06/ Нью Йорк Айлендерс багтай тоглож 1-4 гэсэн харьцаатай хожигдсон юм. Тухайн тоглолтод багийнхаа цор ганц гоолыг Ови оруулжээ.
Тоглолтын тооны харьцаа 0-2 байхад Овечкин гоол оруулсан бөгөөд түүний баярыг хуваалцахаар гэр бүл, багийн нөхөд, өрсөлдөгчид нь хүндэтгэл үзүүлж, фэнүүд нь уухайлж байв. Мөн Капиталс багийн эзэд, удирдлагууд баярын ёслол үйлдэж, домогт Уэйн Гретцки өөрийн биеэр хүрэлцэн ирж, баяр хүргэжээ.
Александр Овечкин хэлсэн үгэндээ "Миний үргэлж хэлдэг байсанчлан хоккей бол багийн спорт. Эдгээр залуус, энэ хамт олон, хөгжөөн дэмжигчидгүй би агуу нэгнийг (Гретцкиг) хэзээ ч гүйцэхгүй байсан. 895 бол үнэхээр онцгой тоо. Хүмүүс рекорд эвдэгдэх гэж бий болдог гэдэг. Гэхдээ хэн нэгэн үүнээс олон гоол оруулна гэдэгт би итгэлгүй байна" гэжээ.
Сонирхолтой нь Айлендерс багийн хаалгачаар өөр нэгэн орос тамирчин болох Илья Сорокин байсан бөгөөд тоглолтын дараа Овечкин хошигнон "Баярлалаа, Илья Сорокин. Хайртай шүү, дүү минь" гэжээ.
Энэ жил 40 нас хүрэх Москва хотын унаган хүү Овечкин 2005 онд анх АНУ-ын хоккейн лигт деюбтээ хийж, Вашингтон Капиталс багийн өмсгөлийг өмсч байлаа. Динамо Москвад гялалзаж байсан залуу хүүтэй нийслэл хотын баг гурван жилийн гэрээ байгуулж байв. Тоглосон улирал бүртээ л америкчуудыг гайхуулж, дэлхий даяар нэр алдраа дуурсгасан. 2018 онд удаан хүлээсэн Стэнлийн цомд түрүүлж, дутуугаа гүйцээсэн түүхтэй. Стэнлийн цомтойгоо Москвагийн Улаан талбайд ирэхэд ард түмэн нь баярлан угтан авсан удаатай.
ЭХ СУРВАЛЖ:News.mn