Сидни Кросби, Мэйрая Кэри, Оросууд: Олимп эхлэхэд 30 хоног үлдлээ
- 2026/01/09
Милан Кортина 2026 өвлийн олимпын наадам нээлтээ хийхэд яг 30 хоногийн хугацаа үлдлээ. Ирэх сарын 6-ны өдөр Милан хотын алдар цуут Сан Сиро цэнгэлдэхэд нээлт болно. Олимпын нээлт, хаалтыг энэ чиглэлээр гаршсан Марко Баличийн алдарт "Balich Wonder Studio" найруулна гэхээр хүлээлт өндөр байна.
Турин, Рио, Токиогийн олимпын нээлт, хаалтыг найруулсан тус студийн хамт олныг энэ удаад эх орондоо гайхамшигтай шоу толилуулна гэж итгэж буй. Миланд болох нээлтийн арга хэмжээг "Armonia" буюу Эв найрамдал гэж нэрлэсэн бөгөөд АНУ-ын од дуучин Мэрайя Кэри, Италийн дива Лаура Паусини нар гол чимэг нь байх аж.

Олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байгаа энэ үед та бүхэндээ зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.
NHL-ИЙН ТАМИРЧИД ОЛИМПОД ОРОЛЦОХ УУ?
Өнөө цагийн дэлхийн хоккейн хамгийн шилдэг лиг бол яахын аргагүй NHL буюу Хойд Америкийн үндэсний лиг билээ. Тус лигийн одод 2014 оноос хойш олимпод оролцоогүй. Тэгвэл тус лигийн тоглогчдын холбоо болон олон улсын удирдах байгууллагууд нь өнгөрсөн онд зөвшилцөлд хүрч, NHL-ийн тамирчдыг олимпод оролцуулахаар болсон билээ.
Гэхдээ нэг асуудал байгаа нь Милан хотын хоккейн тэмцээн болох мөсөн талбайн хэмжээ NHL-ийнхтэй харьцуулахад жижигхэн байгаа юм. NHL-ийн удирдлагууд ч тамирчдаа хамгаалж, зохион байгуулагчдыг шүүмжилсэн. Сүүлд гарсан мэдээллээр энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр тус мөсөн талбайг шалгаж үзэх гэнэ.
Ямартай ч Канад, АНУ, Герман зэрэг улсууд хоккейн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийг зарлав. Канадын ахлагч Сидни Кросби олимпын гурав дахь алтан медалийнхаа төлөө Италид ирэх шинжтэй. Түүний нөхдийг Остон Мэттьюс, Квинн Хьюс тэргүүтэй АНУ-ын шигшээ баг зогсоож чадах уу?
ОРОСЫН ТАМИРЧИД ОРОЛЦОХ УУ?
NHL-д тоглодог Оросын тамирчдыг олимпод бид харахгүй. Олон улсын олимпын хорооноос Орос болон Беларусийн тамирчдыг багийн төрлийн бүхий л тэмцээнд оролцохыг хориглосон. Тиймээс бид Овечкин тэргүүтэй оддыг харж чадахгүй.
Харин ганцаарчилсан төрлийн тамирчид нь цагаан тугийн дор оролцох боломжийг бүрдүүлжээ. Ирэх нэг сарын хугацаанд Орос, Украин эвлэрсэн ч Орос, Беларусийн тамирчдыг өөрсдийн улсаа төлөөлөхийг зөвшөөрөхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, та бүхэн Орос, Беларусийн туг, далбаа, төрийн дууллыг харахгүй, сонсохгүй.
ЯМАР ШИНЭ СПОРТУУД ОЛИМПЫН ХӨТӨЛБӨРТ БАГТСАН БЭ?
2026 оны өвлийн олимпоор бид нэг шинэ спорттой танилцах нь скимо буюу цанаар уул руу өгсөж, уруудах уралдаан юм. Мөн дөрвөн спортод эмэгтэй тамирчдын өрсөлдөх ангиллыг нэмжээ. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй тамирчидтай 12 холимог багийн тэмцээн бий.
Энэ удаагийн наадамд оролцох нийт тамирчдын 47 хувь нь эмэгтэй тамирчид байх бөгөөд энэ нь өвлийн олимпын түүхэн дээд амжилт болж байна. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн оролцоог маш сайн хангаж байна.
ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕ ДАРААГИЙН ОДОО ТАНИЛЦУУЛНА
Оросын уран гулгалтын өнөө цагийн шилдгүүдийг бэлтгэн гаргадаг алдарт багш, дасгалжуулагч Этери Тутберидзе ирэх олимпод Аделия Петросян гэх шавиа авчирна. Өдгөө 18 настай Москвагийн охин сүүлийн гурван жил дараалан Оросын аваргаар тодорсон. Харамсалтай нь хоригийн улмаас олон улсын тэмцээнд төдийлөн оролцож чадаагүй. Түүний хувьд өнгөрсөн онд Бээжинд болсон олимпын эрх олгох тэмцээнд түрүүлсэн юм.
Аделия Петросяны сэлгээний тамирчнаар 18 настай Алина Горбачёва ирнэ.
Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд энэ оны Оросын аварга Петр Гумменик эх орноо төлөөлж, Владислав Дикиджи сэлгээний тамирчин нь аж.
Оросуудын эзгүйд эрэгтэй төрөлд АНУ-ын 21 настай од Илья Малинин хоёр жил дийлдсэнгүй. Тэгвэл эмэгтэй төрөлд Японы Каори Сакамото болон АНУ-ын Алиса Лью нар өрсөлдлөө.
МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Өнөөдрийн байдлаар Монголын гурван тамирчин олимпын эрхээ аваад байна. Уулын цанын төрөлд А.Ариунбат эрх авсан нь түүхэн үйл явдал болсон. Учир нь өмнө нь Монголын тамирчин энэхүү төрөлд олимпод оролцсон түүх үгүй.
Тэгвэл гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин эрхээ авчээ. Тодруулбал, Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар Италийн мөсөн замд мөрөө гаргана.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN
