Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Казинстай Бодонс аварга авч чадахгүй бол "онигоо" болно

Казинстай Бодонс аварга авч чадахгүй бол "онигоо" болно

  • 2026/04/15

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн энэ улирлын шигшээ цувралын гурав дахь тоглолт өнөөдөр "М Банк арена"-д 19:10 цагаас болно. Сүүлийн хоёр жил дээд лигт дараалан түрүүлээд буй Хасын хүлэгүүд баг цувралыг 2-0 тэргүүлж байгаа. Өнөөдөр Бодонс ялагдал хүлээвэл 3-0 гэсэн хүнд байдал руу орох учир тэдэнд хожил амин тариа болох нь мэдээж.

Хүлэгүүдийн хувьд энэ сарын 6-нд Азийн аваргуудын лигийн тоглолтоо Хонгконг улсын "South Asia Athletic" багтай хийж 86-84 онооны харьцаатайгаар ялалт авсан. Нэг ёсондоо багийн гишүүдийн ойлголцол, довтолгоо, хамгаалалт сайн байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Бодонстой хийсэн цувралын хоёр дахь тоглолт 87-62 буюу 25 онооны зөрүүгээр Хүлэгүүд илүүрхсэн.

Угтаа Сэлэнгэ Бодонс дээд лигийн аваргын цом өргөж, Азийн аваргуудын лигт тоглож олон улсын түвшний баг болох амбицтай. Үүнийхээ төлөө ч багийн эзэн Л.Наранбаатар хөрөнгө мөнгө харамгүй зарцуулдаг. Жишээ нь 3x3 шигшээ багийн тамирчидтай тус бүр ₮500 сая буюу нийт ₮2.5 тэрбумаар гэрээлж Монголын сагсанд "шуугиан" тарьсан. Мөн дэлхийн хэмжээний од тамирчин Демаркус Казинсыг энэ улирал ахин авчирч аваргын төлөө дайралт хийсэн.

Дээд лигийн финалд шалгарч Азийн аваргуудын лигт тоглох эрхээ халаасалсан ч Бодонс энэ жил аварга авч чадахгүй бол "онигоо" болно. Тэдэнд аварга авч өгөх үүрэг хүлээсэн Демаркус Казинс шигшээ цувралын эхний хоёр тоглолтод 51 минут 54 секунд тоглохдоо найман оноо авч маш тааруу тоглосон. Өнөөдөр Казинс хэр тоглохоос хожих эсэх нь шийдэгдэнэ. Нөгөөтээгүүр дэлхийн хэмжээний тамирчин Монголын лигт ирж дээрх статистик үзүүлж буй нь манай сагсны хөгжлийг илтгэнэ.

Хүлэгүүдийн хувьд хэзээний багийн соёл тогтсон дээд лигийн аварга баг. Тэд аварга баг ямар байдгийг өмнөх хоёр тоглолтоор хангалттай харуулсан. Энэ жил аваргын цом өргөвөл гурван жил дараалан түрүүлсэн ховор амжилт үзүүлэх юм.

Б.АЗЖАРГАЛ
 ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
“The MongolZ” баги...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :