Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

"ZHIJIANG CHALLENGER"-д УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ баг түрүүлжээ

"ZHIJIANG CHALLENGER"-д УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ баг түрүүлжээ

  • 2024/05/27

Канадад болох Эдмонтон Мастерсын эрх олгох "Zhijiang Challenger" тэмцээн Хятадад боллоо. Тус тэмцээнд дэлхийн зарим шилдэг багуудын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсаас гурван баг оролцсон. Хэсгийн шатнаас Улаанбаатар ММС Энержи болон Завхан Сайнскор багууд шалгарсан ч Сансар баг хоёр хожигдож, тэмцээнээ дуусгасан.

 

Харин хасагдах шатанд Завхан Сайнскор баг Хятадын Бээжин багийг 21-19 гэсэн харьцаатай хожиж, шуугиан тарив. Хятадын олимпийн шигшээ гэгдэж буй тус багийн эсрэг Б.Энхсайхан, Н.Батбаяр нар гайхалтай шидсэн. Алдсан оноо бүрээ алсын зайн шидэлтээр нөхөж, нутагт нь эзэн орны хүчирхэг багийг дийлжээ.

Хятад улс 2021 оны Токиогийн олимпоос хойш 3х3 сагсан бөмбөгтөө ихээхэн анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө зарцуулсан. Гадаадын мэргэжилтнүүдийг шигшээ багтаа урьж, шилдэг тамирчдыг мэргэжлийн багууддаа элсүүлсэн. Үр дүнд нь олимпийн эрхээ авч чадсан ч хятад тамирчдын ур чадвар Ази тивдээ ч гавихгүй байгаа нь нууц биш.

Тэгвэл Улаанбаатар ММС Энержи баг хасагдах шатанд Хятадын Үши УэнЛви багийг хожиж, хагас шигшээд хоёр монгол баг учраа таарсан. Аль нь ч хожсон финалд гарах байснаас гадна Завхан Сайнскор баг дор хаяж 12 оноо авч байж, Эдмонтон Мастерсын эрхээ авах байв.
Улаанбаатар ММС Энержи баг 22-12 гэсэн харьцаатай хожиж, финалд шалгарсан бол Завхан Сайнскор баг Канадыг зорих эрхээ авсан.

Нөгөө талд Швейцарийн Люзанн баг Литвийн Раундондварис багийг буулган авч, Улаанбаатар ММС Энержигийн замыг зассан гэлтэй. Финалд Улаанбаатар ММС Энержи баг Люзанн багийг 22-13 гэсэн харьцаатай илт илүүрхэж, Стив Сер тус "Challenger" тэмцээний шилдэг тамирчнаар тодорчээ.

Түгээх : Facebook Twitter
Дараах
“Эмэгтэйчүүдийн дэлхийн ...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Location for : Listing Title