The MongolZ-ийн шинэ цэрэг cobrazera анхны тэмцээндээ хэр тоглов?
- 2026/03/16
Өнгөрсөн оны төгсгөлд The MongolZ баг Senzu-г сэлгээнд суулгаж, улирлыг туршлагатай controlez-тэй дуусгасан. Түүний гэрээ ч дуусгавар болж, The Huns Esports багаас ирээдүйтэй, 20 настай У.Анарбилэг буюу cobrazera-г худалдан авсан юм.
The MongolZ баг энэ оны эхэнд IEM Krakow 2026 тэмцээнд бэлдэхийн тулд BLAST Bounty Winter 2026-ийг өнжсөн. Харамсалтай нь Польшид болсон тэмцээнд тун тааруу тоглов. Тэд хоёр дараалан хожигдож, плей-оффт шалгарч чадаагүй. Гэсэн ч эдгээр хоёр тоглолт нь багийн шинэ тоглогч “cobrazera”-г үнэлэхэд хангалттай байв.
The MongolZ vs G2 (2-13, 11-13)
The MongolZ болон G2 Esports багуудын эхний тоглолт Dust2 мап дээр болсон бөгөөд Монголын баг 2-13-аар ялагдал хүлээжээ. Багийн ихэнх тоглогч тааруу тоглосон бөгөөд зөвхөн Б.Өсөхбаяр буюу 910 л харьцангуй тогтвортой байв. Гэсэн ч cobrazera энэ мап дээр хамгийн муу нь байгаагүй. Тэрбээр 7/15 KD, 0.55 rating-тэй байлаа.
Хоёр дахь мап Ancient дээр The MongolZ эргэн ирэхэд тун ойрхон байж, бүр 11-7-оор тэргүүлж байсан ч дараалан зургаан раунд алдаж, улмаар тоглолтод хожигдов. Харин энэ мап дээр cobrazera илүү сайн тоглосон:
- багийн хоёр дахь өндөр rating (1.13)
- бараг эерэг KD (17/18)
- хамгийн олон opening kill (5)
- өрсөлдөгчдөд учруулсан хамгийн их damage (87.5)
The MongolZ vs FURIA (13-11, 12-16, 2-13)
Хасагдах шатны тоглолтод The MongolZ дэлхийн хүчтэй багуудын нэг болох FURIA Esports-тай таарсан. Эхний тоглолтоос ялгаатай нь тэд илүү ширүүн, хурдтай тоглолтыг үзүүлсэн. Баг Mirage дээр 4-9-өөр хожигдож байсан ч гайхалтай эргэн ирж, өөрсдийн сонгосон мапыг 13-11-ээр авлаа.
Дараа нь The MongolZ өрсөлдөгчийнхөө сонгосон Inferno дээр ч ялахад тун ойртож, 12-9-өөр тэргүүлж байсан. Гэвч ялалт авахад ганцхан алхам дутуу байхад Бразилын баг тоглолтыг нэмэлт цаг руу оруулж, 16-12-оор хожсон.
Хоёр дахь мапын харамсалтай ялагдлын дараа The MongolZ-ийнхон tilt-д орж, Nuke дээр 2-13-аар илт давуугаар хожигдсон юм. Гурван мапын нийлбэр дүнгээр шинэ тоглогч cobrazera онцгой гялалзаагүй ч тогтвортой байж, 0.85 rating-тайгаар багийнхаа гурав дахь өндөр үзүүлэлттэй тоглогч байв.
Дүгнэлт
Cobrazera энэ оны эхний том тэмцээн IEM Krakow 2026 тэмцээнийг нийт 0.86 rating-тай дуусгасан бөгөөд энэ үзүүлэлтээрээ 910 (1.16) болон Techno (0.87)-ын дараа, харин багийн ахлагч болох bLitz (0.78) болон "mzinho (0.77)-оос дээгүүр үзүүлэлттэй байв.
Дараагийн тэмцээн болох PGL Cluj-Napoca 2026 дээр cobrazera илт сайжирч, 1.07 rating-тэй бүрэлдэхүүний хоёр дахь өндөр үзүүлэлттэй тоглогч болсон. Баг нь ч хэсгийн шатанд 3-1 амжилттай тоглож, шөвгийн наймд FURIA-гаас хариугаа авч чадсан ч эцэст нь хожим тэмцээний аварга болсон Team Vitality багт хожигдон хагас шигшээгээс тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.mn
